Элчин сайдын мэндчилгээ
2023-01-24
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд саатан морилсон Танд баярлалаа.
БНКазУ нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг, Төв Азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш орны нэг юм. Монгол Улс, БНКазУ-ын хооронд 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаа билээ.
ЭСЯ энэхүү цахим хуудсаараа дамжуулан Та бүхэнд Монгол Улсын өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засаг, түүх, соёлын талаарх мэдээллээс гадна Бүгд Найрамдах Казахстан Улс болон хавсран суугаа Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улс, Гүрж Улс, Туркменистан Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, харилцаанд болж буй онцлог үйл явдлууд, түүнчлэн тус ЭСЯ-ны үйл ажиллагаанаас танилцуулж байх юм.
Суугаа болон хавсран суугаа улсад оршин суугаа болон зорчин яваа Монгол Улсын иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх нь ЭСЯ-ны үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн төлөө бид хичээн ажиллах болно.
Танд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Доржийн Баярхүү
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд