images

Төв Азийн хэвлэл мэдээллийн Анхдугаар форумын төлөөлөгчдийг БНКазУ-ын Ерөнхийлөгч К.Токаев хүлээн авч уулзав

ЭСЯ-ны мэдээ

2022-12-20

185

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо 2022 оны 12 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Төв Азийн хэвлэл мэдээллийн Анхдугаар форумд оролцогчдын төлөөлөл болох Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч асан Абдулла Гүл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр, Бүгд Найрамдах Киргизстан Улсын Төрийн нарийн бичгийн дарга Суюнбек Касмамбетов нарыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Акордад хүлээн авч уулзав.

Төлөөлөгчдийн зүгээс Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргэж, түүний эхлүүлсэн улс төрийн шинэчлэл болон реформыг нааштай үнэлж байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч К.Токаев Төв Азийн хэвлэл мэдээллийн Анхдугаар форумд хүрэлцэн ирсэн эрхэм зочдод талархал илэрхийлээд, оролцогч орнуудын олон талт хамтын ажиллагаа улам бүр өргөжихийн хэрээр ах дүүгийн болон найрамдалт харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баярын захидлыг Ерөнхийлөгч К.Токаевт уламжлав.

Уулзалтын үеэр манай ард түмнүүд түүхэн нэгдмэл язгуур угсаатайд анхаарлаа хандуулж, түүнчлэн соёл-хүмүүнлэг болон шинжлэх ухааны салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал солилцов.