Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье
Дэлхийн улс орнуудын удирдагчид 2003 онд Авлигын эсрэг Нэгдсэн Үндэсний байгууллагын Конвенцид нэгдэн, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо зохион байгуулж байсан ба Дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд гарын үсгээ зурсан энэхүү өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн Нэгдсэн Үндэсний байгууллагаас албан ёсоор тунхагласан билээ.
Монгол Улс тус Конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан хүүхэд багачууд, оюутан залууст шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын хор хөнөөлийг ухуулан, таниулах, уриалах контент бэлтгэн түгээх, авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг сурталчлах, авлигаас урьдчилан сэргийлэх уулзалт, хэлэлцүүлэг, өдөрлөг зэрэг олон талт арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулж, өргөн хүрээнд тэмдэглэж иржээ.
Харин энэ жил Нэгдсэн Үндэсний Байгууллагын Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү Авлигын эсрэг Олон улсын өдрийг угтан боловсрол, барилга хот байгуулалт, зам тээвэр, хөдөө аж ахуй, хөдөлмөр нийгмийн хамгаалал, байгаль орчин, уул уурхай, эрүүл мэнд зэрэг 8 салбарт, салбар бүрийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар цуврал хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж, бодитой үр дүнд хүрэхээр зорин ажиллаж байна.
https://iaac.mn/post/104780#