images

ЭЛЧИН САЙД КАЗАХСТАНЫ ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2024-03-06

121

Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Парламентын Сенатын дарга Маулен Ашимбаевтай 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжилж, энэ оны 4 дүгээр сарын 25-27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-II” чуулга уулзалтад Сенатын дарга Маулен Ашимбаевыг урьсан урилгын хувийг гардуулав. Мөн өнгөрсөн онд УИХ дахь Монгол, Казахстаны парламентын бүлгийн төлөөлөгчид БНКазУ-ын Парламентын Сенат болон Мажилист ажлын айлчлал хийснийг дурдаж, хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлаар саналаа танилцуулав.

Сенатын дарга М.Ашимбаев “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-II” чуулга уулзалтад урьсан явдалд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархсанаа илэрхийлж, түүх, соёлын гүн бат харилцаанд тулгуурласан хоёр орны харилцаа улам өргөн агуулгаар тэлэх боломжтойг дурдаж, хууль тогтоох дээд байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Уулзалтад Парламентын Сенатын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.А.Споткай, Ёслолын албаны дарга Н.Ж.Алмасов, Сенатын даргын Нарийн бичгийн дарга А.Баймуканов болон ЭСЯ-ны дипломатууд оролцов.