Парламентын Мажилисын байнгын хорооны дарга хүндэтгэл үзүүлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийхээр 2 дугаар сарын 26-ны өдөр Алматы хотын олон улсын нисэх буудлаар дайран өнгөрөх үед БНКазУ-ын Парламентын Мажилис танхимын Гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Айгүл Сайфоллакызы Куспан угтан авч, хүндэтгэл үзүүлэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Мажилисын байнгын хорооны дарга А.С.Куспанд цаг зав гарган Астана хотоос хүрэлцэн ирж, манай төлөөлөгчдийг хүндэтгэн уулзаж байгаад нь талархал илэрхийлж, хоёр орны хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагааны талаар болон энэ онд хэрэгжүүлэх зарим айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.
Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Б.Бейсен, Т.Аубакир, Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, Т.Энхтүвшин, Улсын Их Хурлын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш, БНКазУ-ын ГХЯ-ны Алматы дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Исламбек Раймов нар байлцав.