ЭЛЧИН САЙД КАЗАХСТАНЫ ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү тус улсын Гадаад хэргийн дэд сайд Алибек Бакаевтай 2024 оны 2 дугаар сарын 2-ны өдөр уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, түүнчлэн энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Элчин сайд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны 2023 оны ажлын үр дүнгийн талаар товч танилцуулж, хоёр орны худалдааны эргэлт 2022 онтой харьцуулахад 96%-иар нэмэгдэж 75,7 сая ам.долларт хүрсэн, хоёр орны хооронд зорчиж буй иргэдийн тоо нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсныг дурдав. Талууд 2024 онд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, олон чухал ажлуудыг хэрэгжүүлэхээ харилцан нотлов.
Уулзалтад БНКазУ-ын ГХЯ-ны Ази, номхон далайн орнуудын газрын хэлтсийн дарга М.Салиев, зөвлөх А.Райссова болон ЭСЯ-ны дипломатууд оролцов.