АЖЛЫН ХЭСЭГ АСТАНАД АЖИЛЛАВ
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинг шинэчлэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Казахстан Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны туршлага судлахаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид 1 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Астана хотноо ажиллав. Ажлын хэсгийн төлөөлөгчид БНКазУ-ын Үндэсний Эдийн Засгийн дэд сайд Бауыржан Кудайбергенов, БНКазУ-ын ГХЯ-ны Хөрөнгө оруулалтын хорооны дарга Ардак Зебешев нартай уулзаж, тус улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар ярилцаж, дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн “Казах Инвест” компани, Азийн хөгжлийн банкны салбарын удирдлагатай уулзалт хийж, “Астана” Олон улсын санхүүгийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн ажлын хэсгийн төлөөлөгчид 23-ны өдар Монгол Улсаас БНКазУ-д суугаа ЭСЯ-нд зочилж, ажилтнуудтай уулзалт хийв.
Сүүлийн жилүүдэд Казахстан Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр эрх зүйн болон эдийн засгийн олон ажлуудыг хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгө оруулалт 2020 онд цар тахлын улмаас буурч 17.2 тэрбум ам.доллар, 2021 онд 23.7 тэрбум, 2022 онд 28 тэрбум, 2023 онд 29 орчим тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн ба 2023 онд IMD дэлхийн өрсөлдөх чадварын чансаагаар нэг жилийн хугацаанд 6 байраар ахиж, 37-р байрт орсон байна. Мөн Олон улсын “fDi Intelligence” шинжилгээний төвөөс Дэлхийн банкны мэдээлэлд үндэслэн 2024 онд Казахстан улс хөгжиж буй 50 орон дотроос хөрөнгө оруулалт татахуйц 10 орны жагсаалтаас 6 дугаар байранд орсныг зарласан.