Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн авч уулзав
Монгол Улсаас БНКазУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү 5 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Шахин Мустафаевыг хүлээн уулзаж, түүнд Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатараас ирүүлсэн урилгыг гардуулан өглөө.
Уулзалтын явцад 2023 оны 6 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Алтайг дамнасан тогтвортой байдлын яриа, хэлэлцээ” сэдэвтэй олон улсын хэлэлцүүлэгийн талаар болон Алтай, Түрэг судлалын талаар ярилцаж, хоёр орны түүх, археологийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Азербайжаны Үндэсний Шинжлэх Ухааны Академийн академич, Түүхийн шинжлэх ухааны доктор Шахин Мустафаев 2022 оны 11 дүгээр сарын 11-нд Самарканд хотноо зохион байгуулагдсан Түрэг улсуудын байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Олон улсын Түрэг академийн ерөнхийлөгчөөр томилогдсон.