images

ЭЛЧИН САЙД Д.БАЯРХҮҮ ЗОХИОЛЧ М.ХУРМАНХАНЫ НОМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОВ

ЭСЯ-ны мэдээ

2023-03-03

252

Монгол дахь казахын уран зохиолыг үндэслэгчдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, зохиолч, жүжгийн зохиолч М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Казахстан Улсын Соёл, спортын яам, “Отандастар сан” болон зохиолчийн ач, зээ нарын хамтран бүтээсэн “Эрдэмтний замнал” номын нээлтийн ажиллагаа 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Казахстаны Үндэсний төв номын санд болов.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Баярхүү, “Отандастар” сангийн Ерөнхийлөгч Абзал Сапарбекулы, номны зохиолч Баманы Бота нар болон бусад эрдэмтэн зохиолчид, судлаачид оролцов.

Зохиолч, нийгмийн зүтгэлтэн М.Хурманхан (1923-1964) нь их зохиолч Д.Нацагдоржийн «Учиртай гурван толгой» дуурийн цомнол, Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” зохиолоос гадна олон шүлэг, өгүүллэгүүдийг казах хэлнээ, Казахстаны болон Монголын казах хэлтэй зохиолчдын зохиолыг монгол хэлнээ  чадварлаг хөрвүүлсэн авьяаслаг орчуулагч байснаас гадна олон өгүүллэг, найруулал бичиж, драмын жүжиг, дуурийн цомнол зэрэг бүтээлүүдийг туурвижээ. Түүнчлэн Ардын их хурлын депутатаар 1 удаа, Баян-Өлгий аймгийн даргаар 2 удаа томилогдон ажилласан төр, нийгмийн зүтгэлтэн юм. 2016 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрыг түүний нэрэмжит болгожээ.