Төрсний бүртгэл
2023-01-24
Элчин сайдын яам нь өөрийн тойрогт оршин суугаа Монгол Улсын харьяат иргэнээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн хүүхэд төрснөөс хойш 30 хоногийн дотор зөвхөн эцэг, эх нь өөрийн биеээр консулд хандсанаар бүртгэнэ.
Бүрдүүлэх материал:
1. Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эх тус бүр Элчин сайдын яамны нэр дээр гаргасан өргөдөл /эцэг/, өргөдөл /эх/
2. “Шинэ төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авах мэдүүлэг”-ийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах
3. Эцэг, эхийн хүчинтэй цахим иргэний үнэмлэх (эх хувь нь байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажуулсан хуулбарыг нь эсхүл Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа авч ирэх)
4. Эцэг, эхийн Монгол Улсын гэрлэлтийн гэрчилгээний эх хувь, эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар (хэрэв аль нэг нь байхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авч ирэх)
5. Хүүхэд төрснийг гэрчилсэн бичиг баримт /Эмнэлэгээс Свидетельтво о рождении/
6. Үйлчилгээний хураамж төлсөн баримт (үйлчилгээний хураамж)
Анхаарах:
- Хэрэв та хүүхдээ хуульд заасан 30 хоногоос хэтэрсэн хугацаанд бүртгүүлж буй бол төрөлт бүртгэлгүй талаар лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас урьдчилан авсан байх шаардлагатай.
- Эцэг эхийн хэн нэг нь Монгол улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ.
- Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхийн нэрээр овоглож бүртгэх болно.
Тайлбар: Эцэг, эх нь гэрлэлт бүртгэлгүй тохиолдолд хүүхдийг эцгийн нэрээр овоглох хамтарсан хүсэлтийг харгалзан эцгээр нь овоглоход эцэг тогтоолтоор бүртгүүлэх өргөдлийн мэдүүлэг шаардлагатай. Эцэг тогтоох тухай өргөдөл, мөн гэрлэлт бүртгэлгүйн лавлагааг тус тусдаа Улсын бүртгэлийн ерөнхий газраас авч ирүүлнэ.
Гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол энэ нь Монгол Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бүртгэлд ордоггүй тул тус ЭСЯ-т гэрлэлтээ бүртгүүлж болно. Гэрлэлтийг бүртгэхэд хосууд заавал биеэр ирнэ.
Жич: Харьяатын тухай хуулийн 7.2-т ” эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол гадаад улсын нутаг дэвсгэр төрсөн хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр тохиролцсоны үндсэн дээр бүртгэх ба мөн хуулийн 4.1-д ” Монгол Улсын харьяат нь нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй”, 4.2-т ” Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж тус тус зааснаар тухайн хүүхдийг гадаад улсын иргэний харьяалал аваагүй гэсэн эрх бүхий байгууллагын бичиг дээр үндэслэн бүртгэнэ.
Иргэний улсын бүртгэлийн хуулиас:
6 дугаар зүйл.Төрсний бүртгэл
6.1.Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ:
6.1.1.эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
6.1.2.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
6.1.3.эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.
6.2.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд энэ хуулийн 6.1-д заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдлийг хавсаргана.
6.3.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгээс гадна хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдлийг хавсаргана.
6.4.Энэ хуулийн 6.3-т заасан хүүхдийг энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.
6.5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.
6.6.Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийг асрамжлан авах хүсэлтэй иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгч тухайн хүүхэд олдсон өдрөөс хойш 2 хоногийн дотор цагдаагийн байгууллагад тэмдэглүүлнэ.
6.7.Энэ хуулийн 6.6-д заасан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлж хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлнэ:
6.7.1.цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
6.7.2.хүүхдийн нас тогтоосон тухай шүүхийн шийдвэр, эсхүл шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт.
6.8.Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр энэ хуулийн 6.1-д заасан баримт бичиг болон нас барсны гэрчилгээг үндэслэн бүртгүүлж болно. Хэрэв эцэг, эх нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй бол нас барсан хүний хүүхэд мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсаргана.
6.9.Гэрлэлт цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.
6.10.Төрснийг бүртгүүлэхээс өмнө нас барсан хүүхдийг төрсний болон нас барсны бүртгэлд бүртгүүлэхэд эцэг, эх нь энэ хуулийн 6.1-д заасан баримт бичигт хүүхэд нас барсан тухай эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргана.
6.11.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.7, 6.8, 6.9, 6.10-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор төрсний бүртгэл хөтөлнө.
6.12.Төрсний гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:
6.12.1.иргэний улсын бүртгэлийн дугаар;
6.12.2.хүүхдийн регистрийн дугаар;
6.12.3.хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
6.12.4.хүүхдийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар;
6.12.5.төрсний бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр;
6.12.6.эцгийн иргэний харьяалал, регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
6.12.7.эхийн иргэний харьяалал, регистрийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
6.12.8.бүртгэсэн байгууллагын нэр;
6.12.9.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.
6.13.Ихэр хүүхдийн төрсний бүртгэлийг дараалан бүртгэж, төрсний гэрчилгээг тус бүрд олгоно.
6.14.Энэ хуулийн 6.5–д заасан өргөдөл гаргаагүй, эсхүл эцэг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог, нэрээр төрсний бүртгэл хөтөлнө.
6.15.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн тохиролцсоноор гадаадын иргэн, харьяалалгүй эцэг /эх/-ийн овгоор энэ хуульд заасны дагуу төрсний бүртгэл хөтөлж болно.
6.16.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно.
6.17.Төрсний бүртгэлд бүртгүүлэхээс өмнө хүүхэд нас барсан бол эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн төрсний болон нас барсны бүртгэлийг хөтөлнө.